MBM8L24. Бизнесийн бүтээмжинд саад болдог зүйлс юу вэ?

Гайхалтай! Бид Модуль 8-ийнхаа гол хэсгүүдээ ярилцаж бизнесийнхээ төлөвлөгөөг бичихэд тань хэрэгцээтэй чухал 5 элементүүдийг дөнгөж сая ярилцаж дууслаа. Одоо би таны бизнесийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тань, амжилттай бүтээмжиндээ буулгаж тусгахад тань бэлтгэл болгож энэ хэсгийг бүүр чухалчлан ярилцах нь зүйтэй гэж үзлээ.

Бизнесийн төлөвлөгөөг бичээд ирэхээр бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг сэтгэлзүйн, оюун санааны, гадаад орчины маш олон төрлийн нөлөө саад учраад ирэхээр нөгөө сайхан бичсэн төлөвлөгөөгээ хэрэгжүүлэх бус шал өөр төрлийн зүйлд саатаж огт байгаагүй бизнесийн бэрхшээл асуудлыг бүтээх нь элбэг.

Мэдээж иймэрхүү асуудлуудыг яриад хэлээд байвал дуусашгүй их. Гэхдээ би танд эх үүсвэр болж болзошгүй хэд хэдэн чухал үндсэн хэсгүүдийг энд дурьдаж хэлэх нь зүйтэй гэж бодсоно багцалж хуваалцаж байна.

Модулийнхаа хичээл дээр би дээрх слайдыг тантай хуваалцаж нэг бүрчлэн дэлгэрэнгүй танилцуулсан байгаа.

Бизнесийн ажлаа хойш тавих

Бид бүгд хүмүүс, ар гэр амьдралтай, үр хүүхэдтэй, аав ээж ах эгчтэй. Бизнес бол бидний хүсэл тэмүүллийг илэрхийлдэг чухал зүйл боловч бизнесийн хүн болгон бизнесийн ажлаа бусад ажлуудынхаа өмнө тавьж чадахгүй, амьдралын бусад ойр зуурын зүйлстээ сатаарч шаналж, түүнээсээ болж бизнесийнхээ
алтан боломжуудыг алдах нь элбэг. Хүн өөртөө үнэ цэнэтэй чухал гэсэн зүйлсээ л хийдэг. Тэр чухал юм маань бизнесээр гаргаж илэрхийлж, оюун ухаандаа зангидаж өгч чадсан бизнес эрхлэгчид л үнэндээ бизнесийн амжилтанд хүрдэг. Харамсалтай нь маш олон сая гоё бизнесийн санаанууд, бизнес хийчих юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй гарааны entrepreneur-ууд яг иймэрхүү ажил амьдралынхаа ойр зуурын асуудлыг бизнесийнхээ асуудлаасаа ялгаж зохицуулж тавьж чадахгүй, хойшлуулдаг шалтгаанаар уналтанд ордог. Миний Бизнес хөтөлбөр дээрээ хичнээн сайн бизнесийн аргууд зааж өгсөн ч хамаагүй таны өмнө яг цагтаа тулвал хувийн амьдралынхаа хажуугаар зохицуулж бизнесийнхээ асуудлыг хойшлуулахгүйгээр урагш ахиулах, ямар ч нөхцөл байдалд бай, бизнесийнхээ чухал ажлуудыг амжуулах сорилтонд орж байгаа. Эцсийн эцэст та амьдралын ийм энгийн өөрчлөлт хөдөлгөөний хажуугаар бизнесийнхээ асуудлыг хэрхэн урагшлуулж чадаж байгаагаас таны амжилтын хурд хүч, оюун ухааны ид шид ялгарна.

Өөртөө итгэлгүй байх

Энэ бол бизнес хийж буй хүний ч биш, ер нь хүний далд ухамсар, амьдралын өмнө тулгардаг асар олон саад бэрхшээлүүдийг шингээдэг нэг асуудлын нэг. Ялангуяа бизнес рүү ороод зах зээл дээр хөлөө тавихад таныг үл үзэгдэх аргаар хойш татаж саад болдог зүйл бол өөртөө итгэлгүй байх. Мэдээж бид өөртөө итгэх итгэлийн талаар эхний модуль дээр, Миний Амьдрал Диамонд сэдэв дээр ярилцаад өнгөрсөн ч гэсэн энэ асуудал таны бизнесийн амьдралын урьд нь хийж үзээгүй, дадлага туршлага дутагдсан, мэдлэг дутагдсан, бодолцож амжаагүй, тодорхойгүй байгаа бүх зүйлс дээр л олон удаа дахин дахин орж ирнэ. Ер нь энэ сэдэв бол бизнесийн амьдралын тань туршид бараг байнга орж ирэх нь ойлгомжтой. Ийм асуудалаас болж та хийгээд л дуусгачих байсан асуудлаа элдэв шалтаг тайлбар тавьж, өөрийнхөө үнэхээр хүсээд байгаа юмаа хийхээсээ илүү аар саар юманд шантарч эхлэх нь элбэг. Тиймээс үүн дээр өөртэйгөө байнга тулж ажиллаарай. Өөртөө итгэлгүйгээс болж бизнесийн боломжоо бүү алдаарай. Бага багаар хийгээд туршаад үзээд байвал та нэг л мэдэхэд, хийж чадна гэдэгтээ итгэлтэй болоод чадвар суугаад ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Айдаснаас зугтаах

Энэ бол том асуудал. Хүн л юм чинь ер нь айдас мэдрэх нь зөв л дөө. Айдас байна гэдэг нь таныг амьд гэдгийг илэрхийлж байгаа болохоос таныг хийж байгаа бүх ажлаа, хүсч байгаа мөрөөдлөө зогсоо гэсэн үг биш гэдгийг ойлгож аваарай. Харамсалтай нь маш олон сая хүн айдас тулангуут юу хийхээ мэдэхгүй, бодолцож амжихгүйгээр ух хумгүй зугтаадаг. Тэгж зугтаах үедээ тэд тухайн айдсын хүчин зүйлд шууд нүдээ аньж хариу реакц үзүүлдэг нь элбэг. Миний Бизнес хөтөлбөрийнхөө эхлэлийн модуль дээр ч, дунд нь ч би хэд хэдэн оролцогчиддоо зориулж айдастайгаа хэрхэн бүжиглэж сурах, айдсаараа дамжуулж хэрхэн өөрийгөө хөгжүүлж хүчирхэгжүүлэх талаар ярьсаныг та санаж байгаа байх. Айдас яг үнэндээ маш олон төрлөөрөө хүний оюун ухаанд орж ирдэг. Мэдэхгүйгээсээ айхаас авахуулаад, эвгүй байдалд орохоосоо айх, мөнгө алдахаасаа айх, хэцүү асуудал зовлонд өртөхөөсөө айх гэх мэтээр айдсын төрлүүдийг хүн янз бүрийн хувилбарт мэдэрдэг. Айдас өөрөө таныг тухайн нөхцөл байдалд тохирох зөв стратеги, арга барилаа зөв сонгохыг сануулж, алдаа гаргахаасаа өмнө ухаалаг сэтгэхийг л хэлж өгдөг болохоос таныг айж зугтаа гэсэн үг биш. Тиймээс айдсаараа дамжуулж өөрийгөө хөгжүүлж, сэтгэлгээгээ тэлээрэй.

• Бүрхэг тодорхойгүй ерөнхий байх (төлөвлөгөө зорилгогүй)

Ойлгомжгүй, толгой эргэсэн, эргэлзсэн, будилсан, санаа зовсон үедээ хүн юу ч хийдэггүй. Нөгөө талаар бид хэт олон юмыг зэрэг зэрэг хийх гэсэн бүх юманд холоос ерөнхий хандах үедээ хүн юу ч хийж
чадахгүй. Энэ бол бизнес хийдэг маш олон хүний өмнө тулгардаг, бүтээмжийг нь хойш татдаг асар том асуудлын нэг юм. Төлөвлөгөө зорилго тань бүрхэг тодорхойгүй хэт ерөнхий бол та юу ч хийж чадахгүй. Таны хийх ёстой ажлууд ч хоорондоо авцалдаж өгөхгүй, яагаад ч юм нэг л худлаа хоосон юм шиг сэтгэгдэл төрүүлж айлгах ч аюул бий. Бизнесийн төлөвлөгөө чинь, бизнесийнхээ талаар ойлгож байгаа ойлголт чинь бүрхэг ойлгомжгүй санагдах тусмаа танд үүнийг хийж хэрэгжүүлэхэд хэцүү санагдах нь ойлгомжтой. Үүнийг тодруулахын тулд бид Миний Бизнес хөтөлбөрийн гэрийн даалгавар дасгал бүрийг маш тодорхой асуулт хариултыг олж бичих, ерөнхий ойлгомжгүй юм хийхгүй байх талаас нь маш олон удаа ярьж хэлж сануулж хэрэгжүүлж байсан. Одоо тэгвэл та Миний Бизнес хөтөлбөрийнхөө бүх дасгалуудыг сайн ажилласан бол та энэ асуултанд бүдэрч бизнесийнхээ өмнө тулгараад байгаа тодорхой асуудал дээрх саад бэрхшээлийг давах боломжтой болгож бэлтгэсэн байгаа. Хэрэв та яг одоо ийм асуудалтай тулгарч байгаа бол үүнийгээ ашиглаж өөрийн оюун ухаан, сэтгэлгээг тэлэх асуултыг бодож, тодорхой хариулт, тодорхой чиглэлийг сэтгэлгээндээ оруулж өгөөрэй.

• Шалтаг тавих (өөрийгөө хуурах)

Энэ бол маш нийтлэг байдаг зүйл. Бидний оюун ухаан, итгэл үнэмшил өмнөө байгаа зүйлс дээр бүгдийг нь шалтаг болгон хүлээж авдаг. Шалтаг тавьж байгаа гэдгээ хүн өөрөө ч хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Бодож байгаа зүйлийг бодит гэж батлахыг хүсдэг. Тухайн хүндээ бол хэлж буй шалтаг нь бараг бодит юм шиг тийм л аюултай. Заримдаа хүн өөрөө мэдсээр байгаа өөрийгөө хуурч тайлбар тавих нь бий. Яг үнэндээ энэ маань таны амьдралдаа хийж чадах зүйлсээс ч доогуур гэдгийг та өөрөө мэдэрдэг. Та чин үнэн үгээ өөртөө ухаж хэлэхгүй, чин сэтгэлээ гаргахгүйгээр гаднаа ямар нэгэн юманд автагдаж нуух, нуугдах үед энэ асуудал гарч ирдэг. Шалтаг тавих асуудлаас ангижрах эзэн нь та өөрөө байна. Та өөртэйгөө дахин давтаж ажиллаж, өөртөө яг юу гэж тайлбар тавиад бизнесийнхээ шаардлагатай ажлыг хийхгүй саад бэрхшээл болгож хараад байгаагаа ойртож харах нь танд тус нэмэр болох магадлалтай.

• Өөрийгөө тайвшруулах (саад болдог итгэл үнэмшил)

Өөрийгөө бид яарахгүй хийж болох юм чинь, учир нь олдох байлгүй гэх мэтчилэн маш олон янзын тайвшруулах, өөрийгөө үйлдэл хийхгүй байх учир шалтгаан ятгалгыг өгдөг. Үнэндээ чухал хэрэгцээтэй яаралтай зүйл байсан ч хүн өөрийнхөө тархинд хуурамчаар тайлбар тайвшрал өгч хийх ёстой ажлуудаа хийхгүйгээр харахыг хүсэхгүйгээр орхих нь бий. Үүнийг давж гарах аргын талаар Модуль 1 дээр бид маш олон удаа ярилцаж, маш олон янзын шалтгаануудыг ч ярилцсан. Тиймээс та яг ийм асуудал өөр дээр чинь тулгарч байгаа бол Модуль 1 дээрээ өөртэйгөө давтан ажиллаарай.

• Бусдыг буруутгах (уналтанд өөртөө хариуцлага хүлээхгүй)

Бизнесийн уналт хөтөлбөрт оролцож байгаа бүх оролцогчид маань тохиолдох өдөр ирнэ. Ирэхгүй биш, ирэх үеүд тохиолдоход ихэнх бизнес эрхэлдэг хүмүүсийн анхны хариу үйлдэл бол ердөө л хэн нэгэн хүнийг, ямар нэгэн нөхцөлийг, улс төрийг, эдийн засгийг, хажууд байгаа золгүй ямар нэгэн зүйлсийг буруутгах нь маш элбэг. Бусдыг буруутгах нь таныг жинхэнэ өөрчлөлт хийх хүч чадлаа алдахад, ялангуяа бизнесийнхээ жинхэнэ үр өгөөж бүхий зөв шийдэл гаргах чадлаа яагаад ч юм тухайн асуудлыг үүсгэсэн зүйл, нөхцөл байдалд алдсан мэт сул дорой байдлыг танд өгөх нь бий. Энэ бол аюултай. Хариуцлагыг та хэнд үүрүүлнэ тэр хүнд хүч чадлаа алдана. Харин та ямар ч асуудал бэрхшээл, алдаа тулгарсан өөрөө хариуцлага үүрэх үед, тухайн асуудлыг өөрчлөх арга боломжийг яагаад ч юм олж харах хүч чадлыг өөрөөсөө олж харж мэдэрч чадах ид шид бий. Үүнийг
хэлэхэд амархан хийхэд хэцүү мэт боловч заримдаа та бид шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг бүх нөөц бололцоо, хүч чадлаа зориулж өөрчлөлт хийх хүчийг гаргадаг. Хариуцлага хүлээсэн хүнээс л тэр их хүч гардаг.

• Цагийн мэдрэмж муу

(хэт тайван, яарах мэдрэмж сул) – энэ бол ялангуяа цаг хугацааг үнэлэхгүйгээр урсгалаар явдаг, бусдыг дагаж бусдын аясаар явах үед гарч ирэх нь олонтаа. Миний Бизнес хөтөлбөрт орж ирж суралцаж байгаа хүмүүс маань ихэвчлэн өөрийн сэтгэлгээ оюун санааны үнэ цэнийг мэдэрч, өөрийн үзэл бодлыг, өөрийн бизнестээ анхаарал төвлөрөхийн чухлыг маш олон талаар нь олж харсан. Бизнес хийж байгаа хүн цагийн мэдрэмж муу бол ямар ч амжилтанд хүрч чадахгүй нь ойлгомжтой. Алгуурласан бизнес өөрийн боломжийг алддаг. Хичнээн гоё бизнесийн санаа боломж, нөөц бололцоо байгаад түүнийгээ үйлдэл хийхгүйгээр, цагийн мэдрэмж муу байвал ямар ч үр өгөөж өгөхгүй нь ойлгомжтой. Хэдийгээр бид өөртөө шаардлагатай зөв алхамыг яаралгүй хий гэж хэлдэг ч тэр нь таныг огт юм хийхгүй хараад суугаад бай гэсэн үг биш гэдгийг та ойлгохтойгоо байх гэж найдаж байна.

• Календартайгаа ажиллахгүй, календар дээр товлосон ажлаа үл тоомсорлох

Бид энэ модулийнхаа төгсгөлд гүүгл календар дээр ажлуудаа хэрхэн тэмдэглэж гаргаж ашиглах талаар ярьж зөвлөсөн. Заримдаа хүмүүс календар дүүрэн ажлууд тэмдэглээд бичсэн атлаа түүнийгээ огт хэрэгжүүлэхгүйгээр өдөр тутмын ажлынхаа бахь байдаг урсгалаар сэтгэж, тэмдэглэсэн тэмдэглэлээ огт тоохгүй ажиллах үе бий. Тиймээс би таныг бизнесийн төлөвлөгөө бичээд, календар дээрээ тэмдэглэсэн л бол түүнийгээ хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй шаардагатай, бодит амьдралд жинхэнэ үйлдэл хийж болохуйц түвшинд нь тэмдэглээд зогсохгүй, түүнийгээ яс мөрдөж сурах нь асар хүчтэй. Гүүгл календариа ч бай, бүх ажлынхаа бизнесийн ажлыг тодорхой улирал сар гаргаж биетээр түүнийгээ мөрдөж хэрэгжүүлж түүнтэйгээ тулж ажиллах нь таныг асар том бүтээмжийн боломжийг бий болгодог. Календар дээр нэгэнт тэмдэглэсэн л бол түүндээ үнэнч тууштай хандаарай.

• Сэтгэлгээгээ дайчлахгүй байх

Бид бэлэнчилдэг тахал өвчинийг Монголоор дүүрэн эзэмшсэн. Хүний амыг харах, хүнээс хариулт хайх, хүнийг хэлэхээс нааш өөрийгөө дайчлахгүй бодож сэтгэхгүй байдаг бол та бизнес хийнэ гэж зүүдлээд ч хэрэггүй. Та зүгээр л ажилчин сэтгэлгээгээр, хүний удирдлаган дор мөрөөрөө ажиллаж найдвартай хоолоо олж идсэн нь хамаагүй дээр гээд шууд хэлсэн нь хавьгүй зөв байх. Сэтгэлгээгээ дайчлахгүй бэлэнчилдэг бол та бизнесийнхээ өмнө тулгараад байгааа жижиг асуудлыг ч шийдэж чадахгүй гацаад, том саадын ард байгаа мэт бүх юмнаас ухрах нь бий.

• Хаанаас эхлэхээ мэдэхгүй байх

Хөтөлбөр эхлэхээс өмнө маш олон хүмүүс бизнесээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байна гэх мэтийн саад бэрхшээлтэй орж ирдэг. Харин хөтөлбөрийн туршид бид маш олон янзын дасгалууд, гарын авлага өгч байгаа. Хаанаас эхлэх вэ гэж асуух биш, өмнөө байгаа дасгалуудаа хийж, дасгалуудынхаа хариултуудыг эхлээд хийгээд яв. Тэр үед энэ асуулт дахиж хэзээ ч үзэгдэхгүй бөгөөд, харин ч яаж цааш нь үргэлжлүүлэх билээ гэсэн асуулт өөрийн эрхгүй орж ирэх нь гарцаагүй.

• Хэт олон ажилд төөрөлдөх

энэ бол бизнес хийж байгаа хүн болгоны өмнө тулгардаг нийтлэг асуудал бэрхшээлийн нэг. Ихэнх бизнес эрхэлдэг хүмүүс байнга олон олон бизнесийн санаатай, санаа болгон дээрээ хиймээр байдаг ажлуудаар дүүрэн голд нь алийг нь сонгож хийхээ мэдэхгүй байх нь бий. Хэрэв та ийм нөхцөлд өртсөн бол тэр олон ажлуудаа бүгдийг нь дэс дугаарлуулан бичээд, хамгийн чухал ажлынх нь дэс дарааллаар жагсааж өгөөрэй. Зөвхөн хамгийн чухал нэг зүйлийг л чанартай хийе гэж тэр ажил дээрээ л үр дүн гаргахын тулд тодорхой цаг гаргаад үзвэл ийм асуудлыг шийдэхэд маш хялбархан болж хувирна.

• Бусдад таалагдах гэж, бусдын аясанд тааруулах гэж хичээх

Бизнес хийхэд та бусдын санаанд, ялангуяа хүн болгоны санаанд нийцүүлэх гэж өөрийн зорилгоо мохоохгүйгээр ажиллаж сурах нь маш чухал. Та бол хонь биш, та хонь шиг дуугүй, чимээгүй бусдын амыг дагуулах гэсэн бол энэ хөтөлбөрт ч оролцох хэрэггүй байсан байх. Бусдын амыг дагуулах нь таныг өөрийн үзэл бодлоо гээж, өөртөө итгэлгүй болохын шинж тэмдэг. Их ч бай, бага ч бай хэмжээгээр та өөрөө өөрийнхөө үзэл бодлыг ойлгож, бусдын нөлөөнд автах биш, бусдад нөлөөлөх чадвараа суралцахын төлөө бие даан ажиллах нь чухал шүү.

• Хэт томоор төсөөлсөнөөс ажилдаа гар хүрэхээс сүрдэх

Таны бизнесийн алсын хараа том байж болох ч, заримдаа бизнес эрхлэгчид энэ том бизнесийн алсын хараанаасаа сүрдэж хэт олон ажил хиймээр байвч, яаж гар хүрэхээ мэдэхгүй болтолоо сүрдэх тохиолдол бий. Хэрэв та ийм байдалд орсон бол бизнесийнхээ тэр том төсөөллийг энгийн хялбархан болгож, магадгүй тэр том төлөвлөгөөгөө жижиглэж, та өдөр тутам хийж болохуйц үйлдэл алхамуудад хувиргаж үзэх нь таныг маш энгийн аргаар гарын доор байгаа зүйлсээ хийх замаар, хийхэд хэцүү, одоохондоо нөөц бололцоо, мэдлэг туршлага нь хуримтлагдаж амжаагүй байгаа ажлуудаа хийхэд ойртуулж ажиллаж болно гэсэн үг. Энэ арга таныг бизнест тань саад болоод буй асуудлаа даван туулахад тань тус болно. Энэ аргаар оролдоод үзэхэд та алзахгүй.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top