MBM1L05. Миний амьдралын нас

Одоо би танд “МИНИЙ АМЬДРАЛЫН ТҮҮХ” дасгалаа тайлбарлаж өгье.

Ихэнх хүмүүс өнгөрсөн амьдралынхаа алдаатай хэсгүүдийг өөрөөсөө ч нууж, айж ичиж, түүнээсээ болж өөртөө итгэлгүй эсвэл хуурамч амьдралаар амьдардаг. Амьдралынхаа түүхийг бусадтай хуваалцсан ч гашуун зовлон мэдрэхээс гадна зарим нэг талаараа амьдралынхаа ийм хэцүү хэсгүүдийг нуух зорилгоор хэн ч сонссон итгэмээргүй сайхан төгс амьдралтай байсан мэт сэтгэгдэл төрүүлдэг учир ямарваа нэгэн талаараа бусдад үл ялиг сэжиг төрүүлээд өнгөрөх нь ч бий.

Гол асуудал нь хүн чин үнэнээ бодохоос ч айдаг, төвөгшөөдөг, зарим нэг гутармаар хэсгүүдийг өөрөөсөө ч нуудаг тул хаана ч өөрөөрөө байж чаддаггүй. Үүнийгээ дарж нуухын тулд хүн нэг бол иймэрхүү түүхээ ярихгүйн тулд бусадтай хэцүү үеэ хуваалцахыг хүсэхгүй дотогшоо шархалж дуугүй байх, өнгөрсөн үеийнхээ айдас бэрхшээлээсээ болж өөрийгөө хорьж цагдах, бусдыг болгоомжлуулж зогсоох, эсвэл хуурамч маск зүүж өөрийгөө төгс төгөлдөр мэт харуулахыг хичээдэг гэх мэт олон янзын өөр өөр ааш араншныг гаргах нь бий.

Эдгээр үйлдлүүд бүгд таны дотоод ертөнцдөө өөрийгөө төөрөгдүүлэх, өөрөөрөө байж чадахгүй эрх чөлөөтэй амьдрахад асар их хор уршиг болох нь бий. Тиймээс өөрөөрөө байх нь ийм хүмүүст улам адармаатай ичгүүртэй мэт санагдах нь гарцаагүй. Ийм хүн бизнесийн зах зээлд гарсан ч дотоод ертөнцийн будилаан зөрчилдөөнөөсөө болоод асар их зөрчилдөөн үүсгэдгээ ч мэддэггүй байх бий.

Энэ дасгалын зорилго бол та өөрөө өөрийнхөө жинхэнэ дотоод зөрчилдөөнийг ойлгож амьдралынхаа түүхийг цоо шинээр харж ойлгож авахад зориулсан юм. Энэ дасгалыг хийх үед таны амьдралд тохиолдсон тухайн үедээ тайлж ойлгож чадаагүй, бодохоос ч уур бухимдал төрдөг, ичгүүртэй санагдаж байсан тэр бүх үеэ маш сайн ойлгож олон талаас нь харж, өөртөө эрх чөлөө олгоход зориулсан юм.

Эхний асуулт таныг өөрийн хувийн амьдралынхаа талаар өөрөө өөртөө зориулж, бичихэд зориулж бэлтгэгдсэн байгаа. Энэ дасгалын хуудас зөвхөн таных тул өөр хэн ч харахгүй, зөвхөн та өөрөө л харна гэсэн үг. Таны амьдралд тохиолдсон, таны бага, өсвөр, залуу насандаа гайхширч, цочирдож байсан, магадгүй таны дотор эвгүй таагүй сэтгэгдэл төрүүлж байсан тэр үйл явдлуудын талаар өнгийж тэр түүхээ бичээрэй. Энэ түүхийн чинь талаар хэн ч мэдэх шаардлага байхгүй.

Үүнийг бичихэд та магадгүй тухайн үед дурсамж өгөхүйц хөгжмийг сонсоод хийвэл илүү үр дүн гарч болох юм. Та үүнийг бичихэд хэдэн ч үйл явдлыг бодож болно, хэдэн ч хуудас бичиж болно. Өөрийн амьдралдаа хамгийн их нөлөөлсөн үеүдийг бодож энэ дасгалыг ажиллаарай. Дараагийн асуултад та эхний асуулт дээр бичсэн түүхээ эргэж хараад, тухайн үед болсон явдлыг арай өөр талаас нь тайлбарлах учиртай юм шүү.

Магадгүй та тухайн үед залуу байсан, өдий зэргийн мэдлэг, туршлага байгаагүй, эсвэл тэр үеийн явдлаас хойш ямар нэгэн эерэг зүйлийг ойлгож амьдралынхаа замыг эергээр чиглүүлэх ёстой байсан атал тухайн үедээ тулгамдаад ойлгож чадаагүй байхыг ч үгүйсгэхгүй.
Энэ удаад та урьд байснаасаа илүү туршлагатай, ухаантай, нас биед хүрсэн. Магадгүй таны тархийг угаасан байсныг та мэдэлгүйгээр өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй. Энэ бүхнээ бодолцож үзээд энэ үйл явдлын талаар ойлгосон ойлголтоо баяжуулж дасгал дээрээ бичнэ үү.

Таны энэ удаад бичиж байгаа дүгнэлт таныг гомдоож шархлуулсан, уйтгар гуниг зовлон шаналалыг мэдрүүлсэн бус, харин ч таныг энэ үйл явдал болсоны улмаас хүчирхэгжүүлж, ухааруулж, тухайн үйл явдлын ачаар таны амьдралд цоо шинэ, ямар нэгэн шинэ хаалга боломжууд бий болсон, магадгүй та энэ явдлаар дамжуулж өөрөөрөө бахархах ямар нэгэн зөв зам, сонголтыг сонгосон байж болох талаар олон талаас нь бодолцож доорх хэсэгт бичээрэй.

Харин “Миний Амьдралын Түүх” дасгалын маань сүүлчийн асуулт бол, “Та өөрийгөө дор хаяж 80 хүрч, насална гэвэл үлдсэн жилүүдэд туулсан амьдралын түүхээ ямар байдлаар шинэчилж өөрчилж, зөв сонголтууд хийж чадлаа гэж бахархахыг хүсэж байна вэ?” гэсэн асуултад хариулах юм. Өөртөө ч бахархах юмтай, үр хүүхдэдээ хэлэх үгтэй, нийгэмдээ хийж бүтээсэн юмтай болохыг хүсэж байна уу? Таны амьдралын түүх ямар төгсгөлтэй, ямар амьдралыг өгүүлэхийг та хүсэж байна вэ? Таны амьдралдаа чин сэтгэлээ зориулж чадлаа гэж бахархмаар санагдаж байгаа юм чинь юу байвал та үнэхээр өөрийгөө амьдарсан шиг амьдарч чадлаа гэж хэлмээр байна?

За одоо Модуль 1-ийнхээ анхны дасгалаа ажиллаарай.

Энэ дасгалыг хариулахын тулд өөрийн амьдралын түүхээ илэн далангүй ухан гаргаж, хэрэгтэй бол нэмэлт хуудас гаргаж олон талаас нь дэлгэрэнгүй бичээрэй. Хагас дутуу бүү хариулаарай. “Аан за за, дараа л ажиллая” гэж өөрийгөө бүү хуураарай. Дасгалуудын ид шид зөвхөн таны оруулж буй цаг хугацаа, оюун санааны хөрөнгө оруулалтаас шалтгаалж бий болно гэдгийг давхар санахад илүүдэхгүй буй заа.

Гайхалтай, одоо таны ээлж. Та фэйсбүүк групп рүүгээ ороод хичээлээс ойлгож авсан зүйлс болон өөрт төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээнэ үү. Ойлгомжгүй зүйл гарвал өөрийн менторыг mention хийгээд асуугаарай.

Scroll to Top